Буриад түмэн, түүний дотор  Монгол улсад аж төрдөг буриад угсаатан маань ХХ зууны эхэн хагаст багагүй бэрхшээлийг туулж ирсэн бөгөөд буриад ардын дуу нь ард зоныхоо амьдралын баяр баясгалан зовлон гунигийг илэрхийлэх, мөн үр хойчдоо сургаалиа хайрлаж тэдэнд сайн сайхан аж төрөхийг ерөөсөн агуулгатай байхаас гадна аливаа зүйлийг шог хошин байдлаар илэрхийлсэн хөгжилтэй дуунууд ч олон байдаг бөгөөд Буриад түмний дууч уламжлал хадгалагдан үргэлжилсээр улам хөгжсөөр байгаа билээ. 
Буриад дууны наадмаас эхтэй олон улсын  “Алтаргана” их наадмын тухай сонсоогүй мэдэхгүй хүн байхгүй ч чухам хаанаас үүдэн ямар замаар хөгжиж өнөөгийн төвшинд хүрч ирсэн нь тийм ч тодорхой биш байдаг билээ. Монгол оронд   нийгмийн тогтолцооны шилжилт явагдаж байсан хүндхэн жилүүдийн нэг болох 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны ”Алтаргана”наадмыг зориглон зохион байгуулсан маань тухайн үедээ даруухан тэмцээн болж өнгөрсөн ч өнөөгийн их наадмын суурь тавигдсан юм.
Миний хувьд ОХУ-д Их Сургууль төгсч ирээд Хэнтий аймгийн ЗДТГазрын Нийгмийн Бодлогын Хэлтэст соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ямар нэг соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулах хүсэл төрж , янз бүрийн санаа бодож боловсруулж явсаар, Буриад дууны наадам зохиох тэр дундаа эзэн богд Чингис хааны мэндэлсэн нутагт буриад зоныхоо ахуй орчинд уг арга хэмжээг явуулахаар төлөвлөж аймгийн удирдлагад танилцуулсан билээ.
Тэр үед аймгийн засаг даргаар Дадал сумын уугуул Ц.Балдандорж ажиллаж байсан бөгөөд миний саналыг сонсоод ”Чи өөрөө халх хүн, яагаад буриад дууны наадам хийхийг хүссэн юм бэ” гэж асуугаад” би өөрөө Дадалын хүн, буриад хүн. Нутагтаа хэдэн буриадуудаа цуглуулаад дуу хуур болж бужигнаж байна гэж шүүмжлээд эхлэх  биз дээ. Өөр төрлийн арга хэмжээ явуулвал яасан юм” гэж хариулж билээ. Тухайн цаг үед ямар ч удирдлага  ингэж хэлэх нь аргагүй юм л даа. Учир нь тэр үед бараг хүн бүр  дарга удирдлагаа шүүмжлэх, буруутгах хандлагатай , “ардчилал” гэдэгийг “дур зоргоороо аашлах” гэж ойлгодог  хүмүүс цөөнгүй байсан  юм. Гэсэн ч дахин уулзаж ярилцсаны дараа дарга  зөвшөөрч, бид хоёр наадмын зохион байгуулалтын талаар  зөвшилцөж уг наадмыг явуулах шийдвэрт хүрсэн боловч, аймгийн соёлын ажлын төлөвлөгөөнд  тусгагдаагүй ажил байсан учраас  энэ наадамд зориулж төсвийн хөрөнгөөс мөнгө гаргах боломжгүй болж зөвхөн  ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Ингээд миний хувьд зохион байгуулах комиссын гишүүдээ сонгож бүрдүүлэх, Дадал сумын удирдлагатай холбоо барьж наадмын талаар мэдэгдэх, ивээн тэтгэгчидээ олох ажлууд эхэлж, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын тушаал гарч  буриад дууны наадам зохион байгуулах комиссын даргаар Б.Мөнхжаргал /НБХэлтэсийн мэргэжилтэн/ миний бие томилогдсон бөгөөд,  гишүүдэд: Б.Дуламжав/НБХэлтэсийн мэргэжилтэн/, Б.Авирмэд /АДБ Хан Хэнтий чуулгын дарга/, Д.Гомбо/Хөгжмийн зохиолч багш/, Ц.Ичинхорлоо /Хан Хэнтий чуулгын дуучин/, Г.Доржсүрэн/Дадал сумын Засаг дарга/, Д.Даржаа/Гурван нуур рашаан сувиллын дарга/нар тус тус томилогдсон юм.
Энэ ажлыг Дадал сумын засаг дарга Доржсүрэн болон бусад удирдлага, иргэд ихэд дэмжин, сумын засаг даргын орлогч Б.Ганхуягаар ахлуулсан  комиссыг сумандаа  байгуулан бэлтгэл ажилд идэвхи санаачлагатай оролцож  авьяастануудынхаа концертыг  бэлтгэн тоглуулж байснаас гадна  Дадалынханы саналын дагуу бид наадмаа “Алтаргана” гэж нэрлэсэн юм. Ингээд “Алтаргана” наадамдаа зориулж тусгай хөтөлбөр гарган төрөл бүрийн соёлын арга хэмжээнүүд зохион байгуулж түүхийн дурсгалт газруудаар аялан,”Алтаргана” дуугаа дуулж, Ёохор бүжгээ бүжиглэн, жороо морио унан, ходоог тэргээ хөллөн наадмынхаа үйл ажиллагааг сурталчилж Монголын Үндэсний телевизийн урын санд үлдээсэн байдаг. Мөн буриад ардын дуундаа тойрон бүжгээ хийж, ахмад буурлуудтай дурсамж яриа өрнүүлж,МҮ  телевизийн “Хөгжим өв сан” нэвтрүүлэг нэг дугаараа манай наадмын үеэр бэлтгэсэн билээ.
Тус наадамд аймгийн засаг дарга Ц.Балдандорж өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул орлогч дарга Батмөнхийг илгээж наадмын үйл ажиллагаанд оролцуулсан юм. Мөн Д.Дашдоног,Ц.Хуягбаатар, Б.Чимиддорж, Ч.Нэргүй, Л.Пүрвээ захиралуудтай аж ахуйн нэгж байгууллагууд ивээн тэтгэж нийт 101400 төгрөгийн шагналын сан бүрдсэн бөгөөд наадмын тэргүүн байрыг Г.Батбаатар/Биндэр/, хоёрдугаар байрыг Ц.Янжмаа/Дадал/, гуравдугаар байрыг Ц.Гомбо /Биндэр/ нар тус тус эзэлж, 4 авьяастан тусгай байрын шагнал, 16 хүн ивээн тэтгэгчдийн шагнал  хүртсэн билээ. Миний хувьд зохион байгуулах комиссын дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж наадмын  үйл ажиллагааны талаар илтгэх хуудсыг  бичиж аймгийн засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж ажлаа тайлагнасан байдаг.
1994 оны 6-р сарын 10-13 ны өдрүүдэд зохион байгуулагдсан анхны “Алтаргана”наадамд  Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Мөрөн, Хэрлэн сум мөн Улаанбатар хотоос нийт 35 авьяастан оролцон ур чадвараа сорьж, их хааны өлгий нутгийг болон буриад ястны онцлог соёлыг сурталчилсан арга хэмжээнүүд зохиогдсон. Энэ наадам нь  буриад зоны өв соёл ёс заншилыг сэргээсэн,  үндэс угсаагаараа бахархах сэтгэлийг өдөөсөн, цаашид эвлэлдэн нэгдэж соёлоо сурталчлан хөгжүүлэх, хувь заяаны эрхээр тархан суурьшсан төрөл төрөгсөд төдийгүй дэлхийн олон улсад амьдарч буй ах дүү буриад зон уулзан учрах зэрэг олон сайхан зүйлсийн эхлэл болсон юм.
“Алтаргана” наадмыг хоёр жилийн дараа сумандаа зохион байгуулах саналыг Биндэр сумын төлөөлөгчид гаргасныг комисс хэлэлцэн зөвшөөрсөнөөр тус наадмын буухиа эхэлсэн түүхтэй бөгөөд 1996 онд Биндэр суманд зохиогдсон наадамд  би мөн  комиссын дарга , ерөнхий шүүгчээр ажилласан билээ.  1995 онд ОХУ-ын Чита мужийн Агын тойрогт болсон Хэнтий аймгийн соёлын өдрүүдийн үеэр Агын тойргийн соёлын ажилтнуудтай танилцан ярилцсаны дагуу аймгийн засаг даргын урилгаар  Агын тойрогоос Цыдендоржиев.Р.Ц тэргүүтэй төлөөлөгчид 3 дуучин, Хэрийн районы Балданова Г.Б тэргүүтэй төлөөлөгчид тус наадамд оролцсон нь “Алтаргана” наадамд гадаад улсын төлөөлөл оролцсон анхны үйл явдал байсан юм. 1998 онд Батширээт суманд 3 дахь наадам зохиогдсоны дараа Дорнод аймгийн Дашбалбар суманд 4 дэхь удаагийн наадам зохион байгуулагдан Хэнтий аймгийн нутгаас гарч, 5 дахь наадам 2000 онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болсон.
Жилээс жилд хүрээгээ тэлж оролцох төрөл нь улам нэмэгдэн баяжсаар яваад,  2002 онд Монгол улсын хилээс гарч ОХУ-ын Агын Буриадын Автономит Тойрогт  зохион байгуулагдаж Монгол улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван  улс орны төлөөлөл оролцож “Алтаргана” наадам маань Олон Улсын Их Наадам болон өргөжсөн түүхтэй юм.
Тэртээ 1994 онд чадан ядан зүтгэж, Ц.Балдандорж даргатайгаа хамт, олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байсан наадам маань улс гүрнийг дамнасан Олон Улсын Их Наадам болон өргөжиж дэлхий дахины буриад түмний зорин ирдэг том арга хэмжээ болсныг харахад үнэхээр бахархалтай сайхан санагддаг. Анхны “Алтаргана” наадмыг санаачлан зохион байгуулсан материалуудыг үндэслэн Монгол улсын оюуны өмчийн газраас Монголын Буриадын Төв Холбооны ерөнхийлөгч Ц.Балдандорж гуай бид хоёрт  7825,7826 тоот гэрчилгээнүүдийг  олгосон билээ.
“Алтаргана”Олон Улсын Их Наадам  2 жил тутамд тогтмол зохион  байгуулагдаж, жилээс жилд хамрах хүрээ агуулга нь улам баяжсаар байгаа нь Буриад соёл уламжлалыг хайрлан хөгжүүлэхийн төлөө сэтгэл оюунаа зориулдаг  олон хүмүүсийн хүчин зүтгэлийн үр юм. “Алтаргана” наадмыг хадгалан хамгаалж үргэлжлүүлэн дэлгэрүүлэх их үйлсэд маш том хувь нэмэр оруулж буй ОХУ-ын Агын Буриадын Автономит Тойргийн дарга асан  ОХУ-ын Х.Х.Х.Зөвлөлийн батлан хамгаалах аюулгүй байдлын хорооны орлогч дарга, Өвөр байгалийн хязгаарын гүйцэтгэх засаглалын  Холбооны Зөвлөл дэхь төлөөлөгч Жамсуев.Б.Б,  Монголын Буриадын Төв Холбооны дэд ерөнхийлөгч Л.Оюунцэцэг, М.Одмандах, Буриадын Өв Соёлыг Хөгжүүлэх Сангийн тэргүүн С.Билэгсайхан, ОХУ-ын Буриад улс,Эрхүү муж, Агын тойрог, Монгол улсын Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймгуудийн үе үеийн удирдлага соёлын ажилтнууд болон  буриад зоны төлөө гэсэн сэтгэлтэй  олон олон хүмүүсийн зүтгэл дэмжлэгээр Буриад түмний соёл, түүх, уламжлал өөдлөн баяжсаар өргөжин дэлгэрсээр байна.
“АЛТАРГАНА-2020” наадмыг нутагтаа зохион байгуулж буй ОХУ-ын Өвөр Байгалийн Хязгаарын удирдлага, Агын тойргийн удирдлага соёлын ажилтнууд зохион байгуулах хороо, наадмыг дэмжиж байгаа, оролцож байгаа бүх хүмүүст амжилт хүсэхийн хамт буриад зон олны минь амьдрал үргэлж дуу хуураар бялхаж, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!
Монголын Буриадын Төв Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Балганы Мөнхжаргал
2020-01-08